Байгаа атлаа баригдашгүй хүмүүний ухамсрын мөн чанарыг биежүүлж өгсөн алдарт уран барималч МУУГЗ А.Очирболдын “Ухамсар” уран баримлын өөр нэгэн шинэ хувилбар болох “СаяСанаа”-г бид олон нийтэд танилцууллаа.
СаяСанаа Ухамсар бүтээлийн хувьд урьдын ухамсар концепцийн ерөнхий агуулга харагдах боловч арга барилын хувьд магадгүй илүү реалист чиглэлийн ч гэж болохоор, ялангуяа уураг тархийг тодорхой дүрслэн, их биеийг цул битүү хийсэн нь яг одоо өнөөдрийн бидний тархины, ухамсрын үйл ажиллагааны тухай илүү тодорхой ярилцах боломжийг олгож буй билээ.
Урьдын бүтээлүүдэд ухамсар хэрхэн бүрэлдэж, хаана оршдог тухай дотоод эргэцүүлэл илүү давамгайлж байсан бол “СаяСанаа” бүтээлд тархинд төрж буй (магадгүй эсвэл хаа нэг газраас бид авч буй) санаа гэх зүйл хэрхэн хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нөлөөлж болох аугаа хүчийг давамгай харуулсан мэт.
Хүмүүн бид баялаг ертөнцийг туулж танин мэдэрснээр, эргээд сая сая санаа гарган өөрсдийн нийгэм гэлтгүй дэлхийн зүй тогтолд нөлөөлж чадах итгэлийг өгөх уран бүтээл төрж амуй….






















